Monday, June 27, 2011

Хөх уул

Азарган дэлт саарал                       Хөх уул
Гөлөг ноолохоос өмнө
Солонго цувруулан
Гүйж л  яваа хүн
Алхах дургүй
Ерэн есөн толгодыг
Хөл нүцгэн давчих-аад
Эрхээ мартан
Гүйж л  яваа хүн
Алхах дургүй
Сар хүзүүдсэн амрагийнхаа
Хөрвөөсөн газрыг хайгаад
Санаагаа хувааж
Гүйж л  яваа хүн
Алхах дургүй
Салхи зурсан давлагаа
Зүүд болохоос өмнө
Боргоцой түүгээд
Гүйж л  яваа хүн
Алхах дургүй
Лонх мөрлөсөн ширээний
Хонх чичрэхээс өмнө
Аргаа мэрэн
Гүйж л яваа хүн
Алхах дургүй
Аялгуу тэмтрэх өдрүүдэд
Хур даллан мөрөөдөөд
Харцаа өнхрүүлэн
Гүйж л  яваа хүн
Алхах дургүй
Хөл агаарт дүүжлэгдэн
Хөх уулсаа бүртгээд
Инээд цацлан
Гүйж л  яваа хүн
Алхах дургүй
                                                                Т. Эрдэнэбаатар   2009

Бух тэрэг

Бух тэрэг
Тулганд солонгорох гал
Түр зүүрмэглэх өглөө
Бух тэрэгний дохионд
Бүжин зэрэглээ явгарна
Тоорцог толгодын цаана
Тооно алдлах өрхний
Томсон оосрыг имэрч
Торгон салхи үнэртэн
Шулганах ээрүү болжмор
Шурагчин гунихаа умартан
Будант цагны чичиргээнд
Бух тэрэгтэй өрсөн
Сүүлчийн чингэлэг мөшгөн
Сөрөх салхинд гуйвчин
Сүүдрээ харан харан
Сөөм сүүлээр бас дэвэн
Тэнгэрийн нар төөрөм
Тэрлэггүй модод сүлжин
Золбин жавар эцээн
Зоргоор цааш одох
Буцах л хаягтай
Бух тэрэг
                                                      Т Эрдэнэбаатар

Галт тэрэг

Галт тэрэг
Цагаан үүрээр
Цаг онилон
Хөв хөх уулсын
Хөндүүр мананг исгэж
Цэв цэнхэр утаагаар
Цэцгэн хээ урлан
Цул эргэлдэн
Цурам зогсолтгүй
Гүрвэлзэн гүвээ ороох
Галт тэрэг
Наран зөрлөгөөр
Сувих агшинд
Намрын өнгөтэй
Салхи хахчи
Ботгон зэрэглээг
Дэрс гижигдэн
Бодохуйд тэр
Амраглахын дохио
Төөрсөн шувуудын
Бодол  тарнидан
Төгрөг сарны
Сүүдэрт  чичрэх
Хөгшин улиасны
Хөмсөг тэнийлгэн
Галт тэрэгний дуу
Газраар дэгдэнэ
       ПЧ  2 ийн          Замчин     Т  Эрдэнэбаатар

чамд

чамд

 чиний өргөс орсон орон зайг
 мойног   хуруу зөөлөн гунигаар чичлэн
өдөөр эрхлүүлэх шинэхэн амрагаа орчлонгийн мухраас эрэв
чамд би тунихдаа
 чиний эмзэглэ дуслуулж одсон зээрэн зөргөөр
тугалган од хөндүүрлэн ширтэх бүрэг үдэш
сэтгэлдээ эвлүүлсэн гэрлээр цаг хугацааны өнцөг
булан бүрийг тэмтрэв
чамд би тунихдаа
өндгөн сартайд дэвүүрээ нөхсөн цагаан эрвээхий
мөлхөө уруулын янзаган толбоор зайгүй бөгжлөн
ураг барилцсан тэнгэрийн солонгыг бачимдахдаа хөвлөө
чамд би тунихдаа
чиний үнэг нь харцаар хоосолсон эвэр хундагаар
нарны булгаас хутган
гэнэн бодлоор үерлэх эрхэмсэг бүсгүйн инээдтэй тулган
самуун салхи аяны богцондоо дүүргэн шөнө уртыг гайхав
чамд би тунихдаа
хэнз хэн учралд торойсоор бүдгэрэх хуримын өдрөө
чиний гоёлын үгээр нэвширтэл будаад
сүүдэр нь хөлд тээглэг дэх үхэр чулууг хагацлаар хагалав
чамд би тунихдаа
хатгуураа даахгүй хэдгэнэд тавиланг нь үүрүүлж
холтос нимгэрсэн өмрөх модны үзүүрлүү
хөхүүл шаргачин ховс одсон шивэгчин шумуулаар дөхүүллээ
чамд би тунихдаа
                             Т   Эрдэнэбаатар            Багахангай   2010

Friday, June 24, 2011

Хүрэл хөшөө

Зурмал цэцэгтэй зун                                          Хүрэл хөшөө
Зулзага нь зүлэг ширэлдсэн
Цөөвөр салхинд эрхлэх
Цогших хүрэл хөшөө
Мөргөх тэнгэрийн сүмд
Мөшгөх сүүдрээ таньсан
Мөргөлчин хөвгүүнээр
Мартагдсан он жилийн дарааллаас
Манантай хуудсаа сөхүүлэн
Гэрлээр хуурах оддыг
Гэрийнхээ туурьд  хөглөрүүлсэн
Зоримог  залуу насруугаа
Зогсоо энэ л өдрүүдээ
Зүүдээрээ зөөхөөр зэхэвч
Цагаан зам татуулан
Өвс чулуу чирсэн
Цамнах хүрэл хөшөөний
Цутгамал царайг зэврүүлж
Болор үдшийн болзоонд
Бодолоо таалцах амрагууд
Бурхан өдрүүдийн урсгалд
Богших сэтгэлээ хоничлон хариулахад
Хөшүүн хүрэл хөшөө
Хөлийнхөө мөрийг эрнэ

Thursday, June 23, 2011

БҮСГҮЙ ЧАМААР

БҮСГҮЙ ЧАМААР
ГЭРЭЛТ УРУУЛААР
ГИЖИГ УРСГАХ
БҮСГҮЙ  ЧАМААР
ХОНОГШСОН ӨДРҮҮДЭЭ
ҮҮР ЦАЙЛГАН
Хувь ЗОХИОЛД
ЧАМАЙГ ЗУРАХ
ЗАВ ГАРГАЯ
ОРОН ЗАЙ
ГУНИГЛАХ СЭЛҮҮХЭН
ОРЧЛОНД   ЧАМД
СЭТГЭЛЭЭ ДЭВСЬЕ
ХУРИМЫН БӨГЖӨӨ
ХУРУУНААС  ЧӨЛӨӨЛЖ
ХОНОЦЫНХОО   ШИРЭЭН ДЭЭР
ХАЙРААРАА АРГАМЖ
ГЭЗЭГ ЗАДАЛСНАА
НАРНААС НУУЖ
ГЭР ЛҮҮГЭЭ ЗҮГЛЭХДЭЭ
ӨЧИГДРӨӨ СУГАВЧИЛ

Өвгөн замчин

  Өвгөн замчин
Нарны гэрэл гулгаж ханаагүй харгуйг
Насаараа  манасан өвгөн замчин
Галуун хүзүүт царил мөрлөн
Ган цариг домнон  зангидна
Цэнхэр зэрэглээнд  яарсан өвгөн
Цэцэг зүүдэлсэн нойрын ивлэгэж
Намбагүй хөх униартай
Найргийн   талыг сэргээнэ
Далавчаа даахгүй бүргэдийн
Дэвүүр  харцанд нь өтөлж
 Давж чадаагүй  уулсынхаа
Нөмгөн бод олийг  уншина
Толгод чичэрээсэн зэвхий салхинд
Тоорцоггүй мөртлөө өвөл аргадна
Гоё эгшгээс   бүрдсэн
Горхи-ний явган харгиа
Өвгөн замчныг бараадан
Өвөр дээгүүр нь  урсана
Угтаж олон өнгөрөх
Уулын  хормой ачсан
Уухилах галт тэргийг
Зогсоох хүсэлгүй
Өвгөн замчин   
Зоос  ташуурдан
Өтлөх эрхгүй