Царигт зам
Шовх оргилтой уулсаар Шоовдорлож хашигдсан зам
Хэлгий салхинаас үрийн тээсэн
Хилэндээ бөгтийсөн бургастай
Хэвэнд цутгуулсан он жилүүдээ
Хэвтрээ холготол хуучлан
Цэцэгт нугаар хөвөрсөн
Царигт тэврүүлсэн замаар
Цулбуураа чирсэн морьтны
Цогионд нь одод шүргэлцэн
Хүж өвсний нурууг
Хөсрий хяруу шалбалж
Нөмгөн толгодоос өнгийх
Нарны гэрлээс цочно
Анир түрсэн буданд
Алсаас цомцойх бор гэрүүдийн
Амгалан цаг зөөлцөн
Аялгууг нь хөглөсөн зам
Өлгийдөө үнэгчлэх жаалын
Зүүдийг тойрч алсарна
Шилтгээндээ төөрсөн эмгэн хунгаас
Шилэн өндгөө өмөөрсөн
Хагацалд хайчлуулсан далавчтай
Хагархай хошуутай галуу
Өвгөн царигт замаас
Өдөлсөн харцаа нь түүнэ
Т Эрдэнэбаатар 2011