Sunday, October 16, 2011

Нойтон шувуу

                                                        Нойтон шувуу 
 Усны шувууд нойтон байдаг
 Угаасан нүүртэй дандаа нисдэг
 Хүйтэнд битгий гадаа нисээрэй
 Хөлдөнө шүү хоёр далавч чинь
 Цантай өвлөөр даараад байвал
 Цамц надаас авч өмсөөрэй
 Дүн өвлөөр усанд тоглохдоо
 Дан мөсөнд яаж сэлнэ дээ
      

Мангаа

Мангаа
Хаалганы завсраар
Хадны мангаа
Дөхөж ирнэ гээд
Дахиж ирэх гээд
Мангаа надруу
Мацаж эхлэхэд
Аав ээжээ
Ах эгч дуудлаа
Аль нь ч алга
Бие чичрэн
Бээвийн зогсохдоо
Мангас айдагийг
Мартсан болохоор
Намайг сонгоод
Надруу ирсэн нь
Харваас занасан
Харцыг нь үзээд
Номонд юу гэж
Бичсэн байдгийг
Ноцож бодоод
Би саналаа
Ахиад над руу
Ирэх юм бол
Номтой нөхөрлөж
Сурсан болохоор
Айдгийг нь мэдээд
Би айхгүй
Ном уншиж
Чаддаг болохоор
Намайг айлгаж
Чи чадахгүй

Бяргүй хуруу

                                                           Бяргүй хуруу
      Халбага барилаа 
      Хуруу даадаггүй
      Хачин юм бэ би гэдэг
      Ээжээр халбагадуулж 
      Идсээр байгаад
      Эрүү ганцхан  хөдөлдөг болж
      Хүүхдүүд харвал намайг шоолно
      Хуруундаа би бяр суулгая     
      Том эр болсноо харуулан
      Тогоог нь өргөж ээждээ тусалъя
                                                   Т  Эрдэнэбаатар

Баавгай

                                                                  Баавгай 
  Баавгай чадал тэнхээгээ
  Барин чангалж үзээд
  Бяр чадлаа гайхуулж
  Баахан амьтад цуглуулав
  Гартаа лууван барьсан
  Ганган чихтэй туулайнаас
  Олзыг нь авах гээд
  Огцом хөдлөөд гүйцсэнгүйд
  Хөлийн чадлыг муулж
  Хөөрцгөлж  амьтад шоолоход
  Атганд багтсан гарнаас
  Амьд мултарч чадвал
  Амтат балаа өгнө гэж
  Ам алдан мөрийцөв
  Шорооноос өөр тэнхэлгүй
  Шоргоолж гарч ирэн
  Баавгай саварт атгагдаж
  Базсан атганаас мултрахад
  Тамир дууссан өдрөөр
  Та нар таарлаа яахав
  Талын өнгө сэврэхээр
  Таарах болоод буцав
  Үнэгүй олзонд амьтад
  Үнэрээр нь цуглаж найрлав
  Заль ихтэй шоргоолжинд
  Зам тавиж өгцгөөв
                                                               Т  Эрдэнэбаатар

Загас

                                                                    Загас
Зав багатай болохоор
Загас дуугардаггүй юм билээ
Залуу хөгшин ялгаагүй
Зажилж байдаг юм билээ
Бүл олон болохоор
Бүгд ажигладаг юм билээ
Бүтэн шөнийн уртад ч
Нүд цавчлахгүй юм билээ
                                       Т  Эрдэнэбаатар

Үнэг

                                               Үнэг 
Сэгсгэр сүүлтэй хэрмийг
Сэтгэлгүй үнэгтэй андуурч
Сүүл биений хөдөлгөөнийг
Сүрхий ажин гайхав
Хураадаг хуурдаг хоёр нь
Хол зайтайг мэдээд
Хэлбэр дүрс нь ижилхэн ч
Хэлдэг үгээр нь ялгав
                                         Т  Эрдэнэбаатар

Тоть

                                                                      Тоть 
Тоть чи мундаг
Торолгүй үг цээжилж
Толгойгоо эргэхийг мэдэхгүй
Тоочиж бүгдийг хэлэх юм
Тоо цээжлэх аргаасаа
Түргэн заагаад өгчихвөл
Аавын цалин буухаар
Амттай чихэр өгнө шүү
Алдаагүй тоогоо боддог
Ангидаа мундаг нь  болно доо
                                                                       Т.  Эрдэнэбаатар

Давхар хаалга

                                                           Давхар хаалга
Баавгай хулгана туулай
Байшин барихаар болов
Гар нийлсэн учир
Ганган байшин босгов
Хаалга гаргах
Хариуцлагатай үед
Өөр өөрийн
Багтах хаалгыг
Өндөр байшиндаа
Хийх гэж оролдов 
Хулгана нам дуугар
Том хаалга
Надад тээртэй
Түлхүүр цоожинд
Би хүрэхгүй гэхэд
Туулай өндөр дуугаар
Хулганы хаалгаар
Би багтахгүй
Миний найзууд
Бүр орохгүй
Өөрийн хаалгаа
Өмнөө бариад
Өчиг үгүй зөрүүдлэхэд
Баавгай дуу гаргалгүй
Өөрийн орох хаалганд
Өрвөлзөх туулайн хаалгыг
Бат бөх бэхлэн
Бие жижиг хулганы
Бэлдэж хийсэн хаалгыг
Туулайн хаалганд бэхэлж
Түлхүүрийг хулганд өгөв
Аль дуртай хаалгаараа
Амьтад урихаар болов
                                                        Т. Эрдэнэбаатар

Зааны хошуу

Зааны хошуу
Зугаацаж тоглоход шат гэмээр
Зураг зурахад бийр болмоор
Зааны хошуу яагаад
Урт болсон юм бол
Зүггүй жаалууд хамараас нь
Зүүгдэж тоглоод
Сунгачихсан юм болов уу
Урт хошуу нь өөрт нь зохицсон
Ухаантай амьтан юм билээ
Улс улсын циркийн тоглолтонд
Уран үзүүлбэр харуулах юм билээ
Цантай өвлөөр чамайг урьж
Цанаар гулгаж үзүүлнэ дээ
Т .Эрдэнэбаатар

Дэгдээхэй

Дэгдээхэй

Дэггүй дэгдэхэй
Дэрсэнд нуугдан
Алаг муурыг
Айлгахыг хүлээлэн
Өдрийн нар
Ууланд нуугдахад
Өөрийн гэрээ
Хайсаар гүйлээ
                                                                  Т .Эрдэнэбаатар

Янзага

Янзага
Хөөрөн цовхчих
Хөөрхөн янзага
Хөл дороосоо
Бэртэх вий
Хад чулуу
Хагархай шилэнд
Харалгүй гишгэж
Халтирах  вий
Т. Эрдэнэбаатар

Гэрийн шаахай

Гэрийн шаахай
Навчааг угаасан болохоор
Намрын шороо татуулан
Гэртээ чи дандаа
Гэрийн шаахайтай алхдаг
Хивсэн дээрх толбоо
Хичээж цэвэрлэдгийг мэднэ
Хоёр нүүртэй болчихвол
Хоёулантай нь би найзлахгүй
                                                            Т. Эрдэнэбаатар

Тором

Тором
Тоглох гэж 
Тором яарч
Хувинтай хогоо
Хамаагүй асгаад
Гэрийн зүг
Гүйсээр ортол
Халуун төөнөх
Хацар тэрнийг
Хэлнээс нь түрүүлээд
Хөв зөөлөө
                                        Т. Эрдэнэбаатар

Дэвтэр

Дэвтэр
ХИЧЭЭЖ БИЧСЭН 
ХИЧЭЭЛИЙН ДЭВТЭРТ 
ДӨРВӨЛЖИН ГУРВАЛЖИН 
ДҮН ТАВИНА
ТАВЬЖ ӨГДӨГГҮЙ
ТАВАН ХОШУУГ
ТАЛЫГ НЬ ЗУРААД
ДЭВТРЭЭ ГОЁЛОО
                                                Т ЭРДЭНЭБААТАР

Хорвоод хоноглох хүмүүс

  Хорвоод хоноглох хүмүүс
Сүмийн цэцэгсээр зүүдээ мануулж бие биенээ
төлгөн салхинд жиндүүлэхэд шувууд мэл гайхна
Сүүн  ургийн хэлхээгээ нэрээрээ торгоож бие биенээ
хономол харцаараа түлж нөмөрсөн гашуун өдрүүдээ
хөл дороо дэвсэлнэ
Амьд бурхдын судрын мөрүүдийг булаацалдан
бие биерүүгээ тарнитай тунирхал бэлгэлж
сүүмэлзэх сарны гэрэлд сүүдрээ шилгээнэ
Ааль алдуурсан амрагаараа  нойрмог  тариа тэжээж
бие биендээ  мартагдах маргаашаа гайхуулж
төөрсөн төөргөө зэмлэн
Агь өвснөөс нүцгэн жаргал согттолоо үнэртэн
бие биерүүгээ мөлхөө мөрөөдлөөрөө агсарч
ургаа уулсаа шоолно
Адгуу сэтгэлдээ өдөржин хөтлөгдөн
бие биерүүгээ нар явгалсан  гунигаа шидлэн
явах зөрөг дээр нь хавх зурна
                                                            Т Эрдэнэбаатар 2011 он Багахангай

Tuesday, August 2, 2011

Царигт зам

Царигт зам
Шовх оргилтой уулсаар
Шоовдорлож хашигдсан зам
Хэлгий салхинаас үрийн тээсэн
Хилэндээ бөгтийсөн бургастай
Хэвэнд цутгуулсан он жилүүдээ
Хэвтрээ холготол хуучлан
Цэцэгт нугаар хөвөрсөн
Царигт тэврүүлсэн замаар
Цулбуураа чирсэн морьтны
Цогионд нь одод шүргэлцэн
Хүж өвсний нурууг
Хөсрий хяруу шалбалж
Нөмгөн толгодоос өнгийх
Нарны гэрлээс цочно
Анир түрсэн буданд
Алсаас цомцойх бор гэрүүдийн
Амгалан цаг зөөлцөн
Аялгууг  нь хөглөсөн зам
Өлгийдөө үнэгчлэх жаалын
Зүүдийг тойрч алсарна
Шилтгээндээ төөрсөн эмгэн хунгаас
Шилэн өндгөө өмөөрсөн
Хагацалд хайчлуулсан далавчтай
Хагархай хошуутай галуу
Өвгөн царигт замаас
Өдөлсөн харцаа нь түүнэ
Т Эрдэнэбаатар  2011

Monday, June 27, 2011

Хөх уул

Азарган дэлт саарал                       Хөх уул
Гөлөг ноолохоос өмнө
Солонго цувруулан
Гүйж л  яваа хүн
Алхах дургүй
Ерэн есөн толгодыг
Хөл нүцгэн давчих-аад
Эрхээ мартан
Гүйж л  яваа хүн
Алхах дургүй
Сар хүзүүдсэн амрагийнхаа
Хөрвөөсөн газрыг хайгаад
Санаагаа хувааж
Гүйж л  яваа хүн
Алхах дургүй
Салхи зурсан давлагаа
Зүүд болохоос өмнө
Боргоцой түүгээд
Гүйж л  яваа хүн
Алхах дургүй
Лонх мөрлөсөн ширээний
Хонх чичрэхээс өмнө
Аргаа мэрэн
Гүйж л яваа хүн
Алхах дургүй
Аялгуу тэмтрэх өдрүүдэд
Хур даллан мөрөөдөөд
Харцаа өнхрүүлэн
Гүйж л  яваа хүн
Алхах дургүй
Хөл агаарт дүүжлэгдэн
Хөх уулсаа бүртгээд
Инээд цацлан
Гүйж л  яваа хүн
Алхах дургүй
                                                                Т. Эрдэнэбаатар   2009

Бух тэрэг

Бух тэрэг
Тулганд солонгорох гал
Түр зүүрмэглэх өглөө
Бух тэрэгний дохионд
Бүжин зэрэглээ явгарна
Тоорцог толгодын цаана
Тооно алдлах өрхний
Томсон оосрыг имэрч
Торгон салхи үнэртэн
Шулганах ээрүү болжмор
Шурагчин гунихаа умартан
Будант цагны чичиргээнд
Бух тэрэгтэй өрсөн
Сүүлчийн чингэлэг мөшгөн
Сөрөх салхинд гуйвчин
Сүүдрээ харан харан
Сөөм сүүлээр бас дэвэн
Тэнгэрийн нар төөрөм
Тэрлэггүй модод сүлжин
Золбин жавар эцээн
Зоргоор цааш одох
Буцах л хаягтай
Бух тэрэг
                                                      Т Эрдэнэбаатар

Галт тэрэг

Галт тэрэг
Цагаан үүрээр
Цаг онилон
Хөв хөх уулсын
Хөндүүр мананг исгэж
Цэв цэнхэр утаагаар
Цэцгэн хээ урлан
Цул эргэлдэн
Цурам зогсолтгүй
Гүрвэлзэн гүвээ ороох
Галт тэрэг
Наран зөрлөгөөр
Сувих агшинд
Намрын өнгөтэй
Салхи хахчи
Ботгон зэрэглээг
Дэрс гижигдэн
Бодохуйд тэр
Амраглахын дохио
Төөрсөн шувуудын
Бодол  тарнидан
Төгрөг сарны
Сүүдэрт  чичрэх
Хөгшин улиасны
Хөмсөг тэнийлгэн
Галт тэрэгний дуу
Газраар дэгдэнэ
       ПЧ  2 ийн          Замчин     Т  Эрдэнэбаатар

чамд

чамд

 чиний өргөс орсон орон зайг
 мойног   хуруу зөөлөн гунигаар чичлэн
өдөөр эрхлүүлэх шинэхэн амрагаа орчлонгийн мухраас эрэв
чамд би тунихдаа
 чиний эмзэглэ дуслуулж одсон зээрэн зөргөөр
тугалган од хөндүүрлэн ширтэх бүрэг үдэш
сэтгэлдээ эвлүүлсэн гэрлээр цаг хугацааны өнцөг
булан бүрийг тэмтрэв
чамд би тунихдаа
өндгөн сартайд дэвүүрээ нөхсөн цагаан эрвээхий
мөлхөө уруулын янзаган толбоор зайгүй бөгжлөн
ураг барилцсан тэнгэрийн солонгыг бачимдахдаа хөвлөө
чамд би тунихдаа
чиний үнэг нь харцаар хоосолсон эвэр хундагаар
нарны булгаас хутган
гэнэн бодлоор үерлэх эрхэмсэг бүсгүйн инээдтэй тулган
самуун салхи аяны богцондоо дүүргэн шөнө уртыг гайхав
чамд би тунихдаа
хэнз хэн учралд торойсоор бүдгэрэх хуримын өдрөө
чиний гоёлын үгээр нэвширтэл будаад
сүүдэр нь хөлд тээглэг дэх үхэр чулууг хагацлаар хагалав
чамд би тунихдаа
хатгуураа даахгүй хэдгэнэд тавиланг нь үүрүүлж
холтос нимгэрсэн өмрөх модны үзүүрлүү
хөхүүл шаргачин ховс одсон шивэгчин шумуулаар дөхүүллээ
чамд би тунихдаа
                             Т   Эрдэнэбаатар            Багахангай   2010

Friday, June 24, 2011

Хүрэл хөшөө

Зурмал цэцэгтэй зун                                          Хүрэл хөшөө
Зулзага нь зүлэг ширэлдсэн
Цөөвөр салхинд эрхлэх
Цогших хүрэл хөшөө
Мөргөх тэнгэрийн сүмд
Мөшгөх сүүдрээ таньсан
Мөргөлчин хөвгүүнээр
Мартагдсан он жилийн дарааллаас
Манантай хуудсаа сөхүүлэн
Гэрлээр хуурах оддыг
Гэрийнхээ туурьд  хөглөрүүлсэн
Зоримог  залуу насруугаа
Зогсоо энэ л өдрүүдээ
Зүүдээрээ зөөхөөр зэхэвч
Цагаан зам татуулан
Өвс чулуу чирсэн
Цамнах хүрэл хөшөөний
Цутгамал царайг зэврүүлж
Болор үдшийн болзоонд
Бодолоо таалцах амрагууд
Бурхан өдрүүдийн урсгалд
Богших сэтгэлээ хоничлон хариулахад
Хөшүүн хүрэл хөшөө
Хөлийнхөө мөрийг эрнэ

Thursday, June 23, 2011

БҮСГҮЙ ЧАМААР

БҮСГҮЙ ЧАМААР
ГЭРЭЛТ УРУУЛААР
ГИЖИГ УРСГАХ
БҮСГҮЙ  ЧАМААР
ХОНОГШСОН ӨДРҮҮДЭЭ
ҮҮР ЦАЙЛГАН
Хувь ЗОХИОЛД
ЧАМАЙГ ЗУРАХ
ЗАВ ГАРГАЯ
ОРОН ЗАЙ
ГУНИГЛАХ СЭЛҮҮХЭН
ОРЧЛОНД   ЧАМД
СЭТГЭЛЭЭ ДЭВСЬЕ
ХУРИМЫН БӨГЖӨӨ
ХУРУУНААС  ЧӨЛӨӨЛЖ
ХОНОЦЫНХОО   ШИРЭЭН ДЭЭР
ХАЙРААРАА АРГАМЖ
ГЭЗЭГ ЗАДАЛСНАА
НАРНААС НУУЖ
ГЭР ЛҮҮГЭЭ ЗҮГЛЭХДЭЭ
ӨЧИГДРӨӨ СУГАВЧИЛ

Өвгөн замчин

  Өвгөн замчин
Нарны гэрэл гулгаж ханаагүй харгуйг
Насаараа  манасан өвгөн замчин
Галуун хүзүүт царил мөрлөн
Ган цариг домнон  зангидна
Цэнхэр зэрэглээнд  яарсан өвгөн
Цэцэг зүүдэлсэн нойрын ивлэгэж
Намбагүй хөх униартай
Найргийн   талыг сэргээнэ
Далавчаа даахгүй бүргэдийн
Дэвүүр  харцанд нь өтөлж
 Давж чадаагүй  уулсынхаа
Нөмгөн бод олийг  уншина
Толгод чичэрээсэн зэвхий салхинд
Тоорцоггүй мөртлөө өвөл аргадна
Гоё эгшгээс   бүрдсэн
Горхи-ний явган харгиа
Өвгөн замчныг бараадан
Өвөр дээгүүр нь  урсана
Угтаж олон өнгөрөх
Уулын  хормой ачсан
Уухилах галт тэргийг
Зогсоох хүсэлгүй
Өвгөн замчин   
Зоос  ташуурдан
Өтлөх эрхгүй